“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

2021-05-28 Ярилцлага 0

“Гүн төгс нар” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцлагын гол онцлог бол байгаль эх эрүүл мэндтэй хэрхэн уялдаа холбоотой, шашин төрийн нэр зүүсэн хүмүүсийн бие сэтгэл яагаад булингартаад буй талаар тун сонирхолтой яриаг өрнүүллээ.

– Зуны эхэн сар гарч, Шинийн 15-ны билигт сайн өдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр саяхан тохиолоо. 15-ны тэргэл сарны үргэлжлэл болох Шинийн 17-ны энэ сайхан өдөр та бид хоёрын ярилцлага эхэллээ.

Баярлалаа. Бурхан багш махан бие, сэтгэл оюунаа хүн төрөлхтөний оюуны амар амгалан сайн сайхны төлөө зориулан агуу их сургаалиудаа айлдан үлдээсэн байдаг. Тэрхүү сургаалийг хүндэлдэг зөв сэтгэлтэй, шулуун шударга хүн бол номин чулууны сайхан гэрэл туяаг жирийн мод чулуунаас ч олж харж чадна. Харин сэтгэлээ удирдахыг үл хичээдэг шунахай хүнд хамгийн баян тансаг ордон ч тааруухан санагдана хэмээдэг. Тэгэхээр хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, өчүүхэн гэх зүйлээс сайхныг олоод харж чаддаг сэтгэлийн амар амгаланг үеэс үед сургаж ирсэн. Гэтэл сүүлийн үед энэ сайхан сургаалиуд амны уншлага болсон мэт санагдах боллоо.

– Цас, бороо холилдон орж хаврын хавсаргын үе одоо ч дуусаагүй гэмээр. Тэгвэл бид нэг улирлаас нөгөөд шилжих ийм цаг ууранд, бас цар тахал ч бүрэн арилаагүй байгаа энэ үед эрүүл мэнддээ хэрхэн анхаарвал зохих вэ?

Жилдээ дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд нэг улирлаас нөгөөд шилжих завсрын үед хүн эрүүл мэнддээ анхаарал хандуулах ёстой. Хүний судас тогтмол агших, сунах хөдөлгөөн хийж байдаг. Цус нь өтгөн, судас нь нарийн болох тусам түүнийгээ дагаад бие хөших, зүрх судасны өвчтэй болох, таван цулын үрэвсэлтэй болох гэх мэт олон өвчний суурь тавигддаг. Бидний нүдэнд ил харагдахгүй ч судас дотор урсаж байгаа цус нь маш олон зүйлийг хүний биеэр тээвэрлэж, зөөж байдаг. Цус өтгөрөх тусам судсан ханаа нарийсгаж, өвчлөл бий болгож, дээрээс нь цус багадалт маш ихээр нөлөөлж байна. Тиймээс судасны нарийсал, цус өтгөрөхөөс сэргийлэхийн тулд идэж буй хоол хүнс, ууж буй шингэн зүйл тэр дундаа кофены хэрэглээгээ танаж, буруу зуршлаасаа бага ч болов салах хэрэгтэй.

Түүнчлэн идсэн уусан бүхнийг шүүдэг элэг гэгч эрхтнээ цэвэрлэж, тогтмол амрааж байх ёстой. Гэхдээ зөөлөн аргаар цэвэрлэлгүй шууд л лемонтой ус залгилж нойр булчирхай, бөөрөө гэмтээж болохгүй.

Мөн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан өвөлдөө идсэн хүнд хоолоо задлах хэрэгтэй. Илүү шим тэжээлтэй, хөнгөн хоол идэж биеэ сэргээх цаг боллоо. Бид эм тариаг ямар нарийн хэмжиж, ширхэг болгоныг үнэлж хэрэглэдэг учираас хянуур тооцоотой хэрэглэдэг. Тэгвэл яагаад хоол, уух ундаа ингэж чадахгүй байна вэ? Хоол ундандаа ч гэсэн нарийн хянамгай байх хэрэгтэй.

Дархлаагаа дэмжих үүднээс шөлтэй хоол түлхүү идэж, бие махбодийнхоо үрэвсэлтэй эрхтэнг сайн мэдэж хоол хүнсээ зохицуулж, шингэнээ тааруулж уугаарай.

– 8 настай балчраас 80 настай ахмад хүртлээ эрүүл мэндийн тодорхой асуудалтай байдаг болсон. Гэхдээ залуу үед өвчлөл илүү байна. Зарим буурайнууд эрүүл, хөнгөхөн харагддаг шүү дээ. Тэгэхээр энд юуг өгүүлж байна вэ?

Махан бие бол биднийг тогтоон авч яваа гол зүйл. Уг биеийг асар олон судас аалзны тор адил хирсэн байдаг. Тэдгээр судсан бүрхүүл, мэдрэлийн судалнууд нь биднийг хөдлөх, гүйх, амьдрах боломжоор хангадаг.

Хүмүүс энэ талаар бүдэг бадаг ойлголттой байдаг ч яг нарийн судалж мэдэхгүйгээс маш олон зүйл дээр алддаг. Гэхдээ үүнийг шийдэх арга нь маш энгийн. Бидний улиг болтол ярьдаг ч үргэлж орхигдуулдаг, зөв хооллолт болон идэвхтэй дасгал хөдөлгөөний хослол нь аливаа өвчин эмгэгийг анагаах эмч болно. Тэр дундаа өвөг дээдсийнхээ хооллолт, дэг жаяг, ёс суртахуунаас маш сайн суралцмаар байна.

Зөв амьдралын хэвшлийг байгаль эхтэй холбож өгөх нь чухал. Бид байгалиас ирээд байгаль эхийнхээ хөрсөнд шингэдэг нь хүмүүн бидний ёс шүү дээ. Тиймээс байгаль эхээс холдохгүй улам ойртох хэрэгтэй.

– Байгаль, хүн хоёрын ялгаа бидний боддогоос нарийн байдаг шиг санагддаг. Хотод хичнээн унтаж амарсан ч хөдөө байгальд өнгөрүүлэх цаг хугацааг хэзээ ч давж гардаггүй.

Тэгэлгүй яахав. Төв газарт хичнээн унтаж амарсан ч цэвэр агаарт гарсан мэт гүн нойрыг авч, амарч чаддаггүй. Байгальд өнгөрүүлж буй цаг мөч бүрд бидний бие организм, эд эс маш их сэргэлтийг авч байдаг. Хөрсөн дээр гишгэж, урсгал ус сонсож, уулынхаа хормойд тулаад ирэхээр юугаар ч орлуулшгүй энерги, эрчим хүчийг олж авдаг.

Шинжлэх ухааны хувьд ч бид байгалийн элдэв таталцал, соронзон орон дунд оршиж байгаа шүү дээ. Хүмүүс бид байгаль эх, сансар огторгуйтайгаа хүйн холбоотой гэдэг няцашгүй үнэн. Энэ сэдвийг олон янзаар задалж ярих гэж оролддог ч эцсийн цэг нь үргэлж нэг л зүйл байна. Бид эцэг эхээ хайрладгийн адил байгаль эхээ ч мөн хайрлах хэрэгтэй. Цаг хугацаа хичнээн өөрчлөгдөж, хувьссан ч бидний өвөг дээдэс болоод хойч үе байгаль эхээс заяатай хэвээр байна.

Үеийн үед байгаль эхтэйгээ ойр байж, хайрлаж дээдлэх хэрэгтэй.

– Махан бие байдаг шиг сүнсэн бие гэж бий. Махан биеийн гэмтлийг хүн шууд тодорхойлж чаддаг бол сүнсэн биеийн өвдөлтийг тодорхойлоход бэрх байдаг. Тэгвэл яаж сүнсэн биеэ хамгаалж, эрүүл саруул авч явах вэ?

Махан биеэ тордож авч явах талаар түрүүн дурдсан. Гэвч тэр бүхний ард бидний сэтгэл мэдрэмж, оюун бодлыг удирддаг сүнсэн бие гэгч зүйл байдаг. Тухайн бие нь ч мөн бидний эрүүл мэндийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог. Бидний сэтгэлийг удирдаж хөтөлдөг, буруудвал амьдралд бүдрүүлдэг дотоод биеийг зөв замд нь хөтлөх хамгийн энгийн алхам бол сэтгэл оюун бодлыг зөв залах, уур хилэн шунал тачаалаа барьж чаддаг, дээрээс нь зөв хоол хүнс юм.

Идэж ууж байгаа зүйлээ ариун байлгаж гэмээнэ сэтгэл санаа ч тайван байх хундаам нь тавигдаж эрүүл саруулаар сэтгэхэд дөхөм болгоно. Дараагаар нь толгойноос ургах бодол, амнаас унах үгээ зөв байлгах нь чухал. Үзэл бодол нь зөв хүний гадна биеийн үйл хэрэг ч зөв байдаг. Ийнхүү цогцоор нь эрүүл байлгаж чадсан хүн л амьдралд зөв замаар алхдаг.

Хүн өөрийн таван мэдрэхүйгээр дамжуулан хүсэл тачаалд автаж байдаг гэж бурхан багш хэлсэн байдаг.

Хамраараа үнэртэж буй бүхэн, амаараа амталж байгаа зүйлсдээ улангассан чоно хоттой хонь руу дайрдгийн адил дайрч өөрт хэрэгтэй хэрэггүй хүнс тэжээлээр биеэ бордож байна. Зөв, сайн гэсэн бүхнийг амруугаа хийгээд байж болохгүй. Таван цул, биеийн онцлогтоо тааруулж бүх хүнсийг тэнцвэртэй хэрэглэх хэрэгтэй.

Нөгөө талаасаа харж буй нүд, сонсож буй чихээрээ дур тачаалд автаж байгаагаа танаж байх нь чухал. Өмсөж зүүхийн дон тусаж, махан биеийн дур хүсэлдээ боолчлогдож амьдарч байгаа нь гашуун үнэн болоод байна.

Бидний адгуус амьтнаас ялгагдах зүйлс улам цөөрсөөр.

Хүн дотоод тэнгэрлэг ертөнцөө ариунаар нь хадгалж чадалгүй, бие халхлах төдий үнэ цэнэтэй хувцас, эд хөрөнгийн төлөө адгуус амьтан мэт дайрч давшилж байгаа нь харамсалтай.

Бохир зүйлс газар авч, охид бүсгүйчүүдийн толгойг “угаан”, ховс гэдэг зүйлд автуулж, эмс хүүхнүүдийг бохирдуулах нь ихэсч байна. Тэр эмэгтэйн насан туршийн амьдралаар нь тоглож, бие сэтгэлийг нь сэвтээж байна. Тэднийг эзэмдэж буй эр хүмүүн нь адгууснаас дор болсон мөртлөө сайхан нэр зүүж, гэгээн хүний дүр эсгэж байна. Ёс журам, дэг жаяг алдагдахын хирээр алдагдаж, нөгөө л яриж өвөг дээдсийн минь ариун сургааль ёс суртахуун, дэг жаягыг бохирлон буртаглаж байна.

– Бидний алхам дутмын үйлийн үр амьдралын ямар ямар зүйл дээр илүү ажиглагддаг бол?

Өглөө орноосоо ямар бодол тээж боссон гэдгээс хамаараад л тухайн өдрийн байдал өөрчлөгддөг шиг амьдралдаа зөв бодол тээж, эрүүл хооллох юм бол сайхан амьдрал цогцолдог.

Хүнийг үзэн ядах сэтгэлээр эхэлсэн өдөр таны хийсэн бүхэнд уг муу муухай бодол нь шингэж үлддэг. Жишээ нь айлын гэрийн эзэгтэй эр нөхөртөө муу санаж сэрээд бэлдсэн цай нь хоол болохоос хор болох нь элбэг. Ийнхүү хар буруу тээсэн сэтгэл нь маргаашдаа үргэлжилж овоо үүсгэдэг. Аажимдаа ажил үйлс бүтэмжгүй байх, өвчин эмгэг хураах гэх мэт олон зүйл дээр илэрч гардаг. Тэр бүү хэл үр хүүхэд, гэр бүлээр нь дамжин мэдэгддэг.

Бидний оюун ухамсар хэт зүйлийг хүсэж, түүнрүүгээ тасралтгүй тэмүүлж байдаг. Зуурдын таашаалд автаж ариун биеэ бузарлах, сүнсэн биеэ гэмтээх аюулд ороод буй. Бэлэн зүйлд дурлаж, тэр хирээрээ оюуны доройтолд орж байна. Энэ бүхэн нь хүн төрлөхтнийг оюуны хомсдолд оруулж байна.

– Махан бие гэмтэх үед уудаг эм, тариа гэж байдаг бол сүнсэн бие нь гэмтсэн хүн яаж өөрийгөө эмчлэх вэ?

Бие сэтгэлээ тайван байлгаж, эерэг зүйлсээр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Амьдралаас сайныг нь олж харах, муу, муухайгаас ч сайн зүйл олж харах сэтгэлийн тэнхээтэй болох. Аливаа зүйлийг олон талаас нь харж сайн, мууг хослуулж эргэцүүлэх нь зөв.

Сайхан харагдсан зүйлсийн цаад мөн чанарыг ойлгож, саар харагдсан зүйлийн сайхныг нь нээж бодоорой. Хүнд хэцүү үе тохиоход бэрхийг нь гайхахын оронд бидэнд ухаарал хайрлаж байгаад нь олзуурхаж сурвал хүний сүнсэн бие тайван байж сурна. Хүн бэрхийг нь үзээд ирэхээрээ өмнөх байсан зүйлсдээ талархаж эхэлдэг. Жишээ нь хүн хүндээр өвдөх хүртлээ эрүүл явахын жаргалыг ухаардаггүй.

Сүүлийн жилүүдэд бясалгал буюу иог гэх зүйл маш их дэлгэрэх болсон. Бясалгал болон иог нь бие сэтгэлийн хамгийн том “сургууль”.

Гэхдээ хүн бүрийг аль талаар нь гэгээрэлд аваачиж, ямар утгаар “авшиг” хүртээгээд байгааг хүмүүс гүнзгий ойлгодоггүй. Өнгөн хэсгийн тайвшралд автаж түүнийгээ бясалгалын авшиг хүртлээ хэмээн бодох нь маш том эндүүрэл, алдаа болоод байна. Уг нь та үнэхээрийн сэтгэлийн амар амгалан гэгээрэлд хүрч чадсан бол ямар ч өвчин зовлонгүй байх ёстой. Сэтгэлийн гэгээрэл юунд ч хазайх ёсгүй. Хийсэн дутуу дулимаг бясалгалынх нь үр дүнд хүний дотоод ертөнц эмх замбараагүй болох аюултай. Дутуу сэрээсэн дотоод ертөнцийнх нь хэлтэрхий нүдийг нь таглаж, төөрөгдөлд аваачина.

Өдгөө нийгэмд маш олон шашны урсгал бий. Бүх шашин таны өмнө нээлтэй ч шашины гол төв нь та өөрөө юм шүү. Өөрөө өөрийгөө сайн таниж ол. Таныг гэгээрэлд хүргэх гол хөшүүрэг нь мөн л та өөрөө. Үүний тулд дотоод дуу хоолойгоо алхам тутамдаа сонсож, байгаль эх, сансар огторгуйтайгаа ойр байгаарай. Бидний өвөг дээдэс мөнх хөх тэнгэр, уул ус, газар эхээсээ эрчим хүчээ авч сайн сайхныг зохицлоодог байсан юм шүү.

Сая би амнаасаа ямар буруу үг унагачихав? Миний хэлсэн үг хэн нэгнийг хохироосон уу? Өнөөдөр өглөө босоод би ямар хар буруу бодол тээсэн бэ? Би ямар шунал тачаалд автсан байна? Гэх зэргээр өөрийн бодол, үйлдэлд хяналт тавьж гаргалгаа гаргах хэвшилд суралцсанаар ямар ч бясалгал, шашин шаардлагагүйгээр оюун санааны гэгээрэлд хүрдэг.

Заримдаа бид үр хүүхдээ амь тавин хамгаалдаг энэрэнгүй сэтгэлтэй адгуус амьтнаас ч дор үйлдэл гаргаж байна.

Өнгөлсөн шил шиг гялгар хүмүүс ёс суртахуун ярьж, цэвэр цэмцгэр байхыг уриалдаг ч зөвхөн гадна талын халхавч хувцсанд толгойгоо мэдүүлсэн байдаг. Өтгөнөө гадагшлуулдаггүй хүн гэж байхгүйн адилаар огт өөгүй төгс хүн гэж хаа ч үгүй.

– Хүмүүс оюун санааны доройтолд орж, бохир заваанд хутгалдах тусам байгаль эх ч дагаад доройтож байдаг байх?

Өнөөдөр гараад харахад л байгаль эх хэрхэн өнгөө алдаж байгааг шууд харж болохоор байна. Цаг уурын байдал жил ирэх тусам доройтож, байгаль эхийн нөөц ч шавхагдаж байна. Ургаж байгаа өвс ногоо бүр амьтай байдаг.

Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс байгаль эхээ сахин хамгаалж, хүндлэн дээдэлдэг байсан учир түүнийхээ үр шимийг харамгүй хүртдэг байж. Харин бид үл ойшоох тусам байгаль эх ч нүүрээ бууруулж эхэлж байгаа хэрэг. Монгол гутлын хоншоор нь хүртэл өвс ногоог гэмтээхгүй байхаар бүтээгдсэн байдаг.

Энэ талаар би өмнөх ярилцлагууд дээрээ дурдаж байсан. Түүгээр ч зогсохгүй манай өвөг дээдэс байгаль эхтэйгээ эрүүл мэндээ холбож үздэг байсан. Хүүхдүүдээ өглөө боссон даруй уулын орой ширтүүлэхээс авахуулаад малын зүсээ алсаас хараад андахгүй болтлоо ижилдэн дасаж, бүх зүйлийн нарийн учрыг ойлгосон байдаг. Нөгөө талаараа хүүхдийн нүдний эрүүл мэндэд маш сайн тусыг бий болгодог байсан.

Эрүүл мэнд ч гэлтгүй оюун санаагаараа ч нарийн холбоотой байсан нь хэрхэн байгалийн өнгийг шинжиж мэддэг байсан заншлуудаас нь харагддаг. Тэр бүгдийг хуучирсан гээд холдож зайлах нь утгагүй. Энгийн зүйл, энгийн ярианд агуу утга оршдог шүү дээ.

Өнөөдөр цаг үе өөр болж бидний үзэж харах зүйлсийн тоо эрс нэмэгдсэн. Түүнтэй хөл нийлүүлэн алхах нь байх ёстой л асуудал боловч дараа төрөлдөө хэн ч болж төрж мэдэх ээлж дараатай амьдралын мөчлөгт хэтэрхий хайхрамжгүй амьдрах юм бол ирэх үр дүн нь асар том байна. Нэг насандаа хураасан бүхэн чинь дараа төрөлд чинь дагаж очдогийг бүү мартаарай.

Энэ насандаа оюун санаа битгий хэл махан биеэ авч явж чадахгүй байгаа хүмүүсийн заяа төөрөг нь эзнээ голж эхэлдэг. Өдөр тутамдаа буруу хооллож, хөдөлгөөний дутагдалд орж, бүх эд эсээрээ ядаргаанд орсон мөртлөө эм ууж, витамин хэрэглээд зүгээр болчихно гэж найддаг нь асар өрөөсгөл ойлголт юм.

Тиймээс амьд яваа насандаа өөрийн биеийг тордож, анхаарч явна гэмээнэ дараа насандаа ч эрүүл саруул, зөв биеийг олж төрөх юм.

Насан туршдаа өвчин зовнилтой, эм, тарианаас хараат болчихсон, сэтгэл санаа тогтворгүй явсаар насыг барах гэж үү?

– Сүүлийн үед хүмүүст “сэтгэлийн боловсрол” олгох зорилготой шашин, номын хүмүүс олширсон. Тэдгээр хүмүүс ард олонд бодитой мэдлэг олгож чаддаг болов уу?

Сүүлийн үед шашин нь шашинлаг бус болж байна. Нэг л их “Эх болсон зургаан зүйлсийн хамаг амьтны тусын тулд, сэтгэлийн амар амгалан” гэж яриад байгаа болов ч тэр нь амьдрал дээр хэрэгжихгүй олон түмний сэтгэлийг гутааж байна. Хүмүүс өнөөдөр юунд итгэж, бишрэхээ мэдэхгүй амьдарч байна. Энэ нь цаашлаад бидний үр хүүхдийн цаг үед үргэлжилж амьдралын мөн чанар гэдэг зүйл нь алдагдах шахам болж эхэллээ. Яагаад махан биеийнхээ дур тачаалд автаж буруу зүйлд автах болов.

Номын нэр хөөсөн дүр эсгэж өвөг дээдсийнхээ нэрийг барьж бохир зүйлд хутгалдан байж насаа богиносгох хэрэг байгаа гэж үү. Үнэхээр л нэр зүүхийг хүсээд байгаа бол зөв нэрийг зүүх хэрэгтэй. Даахгүй нэр хүндийг өөрт өгснөөр аливаа хүний зам мөр нь мурийж эхэлдэг. Мөнгөнд нүдээ сохлуулж алхам тутмаа төгрөгөөр хэмжиж байна. Гэтэл хамгийн чухал зүйл бол сэтгэлийн мөн чанар байдаг. Лам хуварга, бөө удган гээд аль ч шатандаа энэ бүхэн алдагдсан байгааг бид харж байна.

Гуравхан сая хүн ам нь тал, тал тийшээ тарж, энгийн сайхан амьдралын хэвшлээ орхиж, төөрч будлисан замаар алхаж байгаа нь юунаас болоод байна вэ? Хий дэмий ам нь л яриад байдаг, бодитой хэрэгжих сургаал айлдах номлогч, гэгээнтэн тун ховор болж. Хэн нэгний махан биеэрээ туулж олж мэдсэн үнэтэй сургаалыг өөрт ашигтайгаар гуйвуулж ард иргэдийн толгойг эргүүлж байгаа улсууд хэзээ ч хүнд сэтгэлийн боловсрол олгохгүй.

Сэтгэлийн боловсрол гэж юу вэ? Түүнийг хаанаас олж авах ёстой юм. Олон зүйл яриад л байдаг, яриад л байдаг. Яг амар амгалангийнх нь үндэс хаана байгаа юм. Хүсэл тачаалдаа автсан, ахар бодолтой мөртлөө бусдад сэтгэлийн амар тайвны талаарх ярианд нь хэн итгэх болж байна. Энэ бүхнийг алсуураа харж ард түмэндээ хэлэхэд та бүхэн өөрсдөө шашин шүү. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, та өөрийн дотоод хүнийг сонсож, хүсэл мөрөөдөл, алдаа дутагдлаа өөрөө дэнсэлж амьдрах нь жинхэнэ сэтгэлийн амар тайван болдог хэрэг.

Бурхны хувцас өмсөж, ном уншиж суудаг хүмүүсийг л хүний “дээд” гэдэггүй юм шүү. Харин бидний нүдэнд харагдаж, гарт баригддаг шим тэжээлээрээ хэзээ ч тасалдаггүй байгаль эх гэх хүндтэй зүйл нь л жинхэнэ хүндэтгэл хүлээх эрхтэй, хамгийн дээд юм.

Сүүлийн жилүүдэд ховс гэгч эд нэлээд газар аваад байгаа. Охид, залуучуудын тархиар наадаж, оюун бодлоор нь тоглодог аюултай зүйлд хошууран шуурах огт хэрэггүй. Өөрийн тархиар шийдвэр гаргаж, аливаа зүйлд туйлшрахаас сэргийлэх хэрэгтэй. Өөрийн утга учрыг, хүсэл мөрөөдлийнхөө утга учрыг олоосой гэж хүсье.

– Та түрүүн байгаль эхээ хамгаалах тухай цухас дурдсан. Тэгвэл бид хэрхэн байгаль эхээ шүтэн хайрлах ёстой вэ?

Энэ бол асар энгийн зүйл. Өглөө гарах бүрдээ нар сарандаа залбирч, уужим амьсгал авч, газар эхдээ “мөргөх” гэх мэтээр түүнийг хүндэтгэж хайрлаж холбоо тогтоох хэрэгтэй юм. Ингэснээр байгаль эхийн адис, эрчмийг хүртэж байдаг. Шороог бохир шороо гэж үзэж болохгүй. Бид байгаль эхийн үндэс болсон хөрс шорооноос ургасан бүхнийг идэж, ууж, өмсөж, зүүдэг. Учир нь бидний бие болоод эдэлж хэрэглэж, харж, үзэж буй бүхэн өөрөө “байгаль” учраас.

Шүлсээ хаяад өнгөрдөг саарал чулуу нь бидэнд амьдрал бэлэглэдэг байгаль эхийн хэлтэрхий юм шүү.

Зуны дэлгэр цаг ирж уулс ус нь өнгөө засч, уран шувууд нь донгодсон энэ сайхан цаг үеүдэд салхи агаарт гарч, газар эхдээ толгойгоо хүргэн адис авч, эрчимээр нь цэнэглэж огторгуй ертөнц, нар сар долоо бурхандаа сэтгэлийнхээ өчгийг дэвсэж дотоод ертөнцөө ариусгаж, эрүүл энх амар амгалангийн дээдийг эдлээрэй.

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль