Амазоны босс өөрийн бүтээсэн хөлгийн анхны зорчигч болж, сансарт ниснэ

2021-06-08 Дэлхийд 0

Онлайн худалдааны аварга компани Амазоныг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос ирэх сард өөрийн бүтээсэн хөлгөөр сансарт нисэхээр болсноо өчигдөр зарлажээ.

Тэрбээр сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Blue Origin компанийг байгуулсан бөгөөд тус компанийн зохион бүтээсэн New Shepard хөлөг ирэх сарын 20-нд анх удаа хүн тээвэрлэж сансарт хөөрөхөөр болсон байна.

Безос сансарт нисэхдээ ганцаар биш, өөрийн төрсөн дүү Марк Безостой хамт аялахаар болжээ.

“Би таван настайгаасаа хойш сансарт нисэхийг мөрөөддөг болсон. Долдугаар сарын 20-ны өдөр би дүүтэйгээ хамт сансарт нисэхээр боллоо” гэж Жэф Безос инстаграм хуудсандаа мэдээлсэн байна.

New Shepard хөлгийн анхны аялалд дахиад нэг суудал бий. Гурав дахь суудлыг олон улсад дуудлага худалдаагаар зарж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ өрсөлдөөнд дэлхийн 143 улсын 6,000 орчим хүн өрсөлдөж, үнэ нь $2.8 саяд хүрээд байна.

New Shepard хөлгийн аялал нийтдээ 10 минут үргэлжлэх бөгөөд үүнээс дөрвөн минутыг нь дэлхийн агаар мандал болон сансрын уудам хоёрын хил зааг дээр өнгөрүүлэх юм.

Өөрөөр хэлбэл дэлхийн гадаргаас 100 км өндөрт дөрвөн минутыг өнгөрүүлэхдээ жингүйдлийг биеэрээ мэдэрч, бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг хөлгийн цонхоор харна.

Хөлгийг хөөргөсөн хурдасгуурууд тусгайлан зассан тавцан дээр автоматаар буцаж газардах бол хөлөг өөрөө гурван аварга шүхрийн тусламжтай газардах юм.

New Shepard хөлгийг өнгөрсөн хугацаанд хүнгүйгээр арав гаруй удаа амжилттай туршиж байв.

Хөлгийн нэр нь 60 жилийн өмнө сансарт ниссэн анхны Америк хүн болох Алан Шепардын нэрнээс гаралтай.

Blue Origin компаниас гадна Британийн тэрбумтан Ричард Брэнсоны байгуулсан Virgin Galactic компани дэлхийн нам өндрийн тойрог замд жуулчдыг аялуулах зориулалттай хөлгийг бас туршиж байгаа.

АНУ-ын SpaxeX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск нам өндрийн тойрог замаар зогсохгүй сансрын уудмын гүнд хүмүүсийг аялуулахаар ажиллаж байна. Тэрбээр арав орчим жилийн дараа анх удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг АНУ-ын газар нутгаас хөөргөж, Олон Улсын Сансрын Станцад хүргэж чадсан юм.

Жэф Безос энэ оны намар Амазон компанийн гүйцэтгэх захирлын ажлаа бусдад шилжүүлж, Blue Origin болон бусад төслүүдэд бүх цаг заваа зориулахаар болсноо саяхан зарлаж байв.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

Синофарм вакцины хос тунг тариулсан Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгост ирэхэд нь тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сары

2021-06-15

Халимны аманд ороод гарсан загасчны түүх

АНУ-ын иргэн, хавчны анчин 56 настай Майкл Пакард өнгөрсөн Баасан гарагийн өглөө Кэйп Кодын эргийн о

2021-06-14

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун жин хасжээ

Умард Солонгосын сэдэвтэй мэдээг англи хэлээр нийтэлдэг NK News сайтад саяхан тус улсын удирдагч

2021-06-11

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль