“ELITE GYM” –ИЙН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ Н.АЛЗАХГҮЙБААТАР: СОШИАЛААС ОЛСОН МЭДЭЭЛЛЭЭС МЭРГЭЖЛИЙН БАГШИЙН ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ ИЛҮҮ ҮНЭН БӨГӨӨД ҮНЭТЭЙ

2017-10-23 Ярилцлага 0

Өдгөө Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 450 орчим фитнесс клубууд байдаг аж. Харин эдгээрээс ердөө 30-40 орчим нь л стандартын тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багш нараар хичээл, сургуулилтаа явуулдаг байна. Тиймээс стандартад нийцсэн цөөн фитнесс клубуудын нэг “Elite gym” –ийг энэ удаад онцолж байна. Спирт бус спортыг сонгох болсон залуусдаа тус фитнессийн багш, дасгалжуулагч Н.Алзахгүйбаатарын үнэтэй зөвлөгөөнөөс хүргэж байна.

Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Н.Алзахгүйбаатар гэдэг. Пауэрлифтингийн спортоор 2005 оноос эхэлж хичээллэсэн. Энэ спорт маань хүчний үндсэн гурван төрлөөр ангилагддаг. Эдгээр төрлүүддээ тус бүрт нь амжилт гаргасан бөгөөд нийлбэр дүнгээрээ улсад гурван удаа аваргалсан. Мөн 2010 онд манай улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан.

Фитнесс клуб олон нээгдэхийн зэрэгцээ бие галбиртаа анхаарах болсон залуус ч олон болсон байна. Тэгвэл энэ тал дээр зааж, зөвлөгөө өгдөг багшийн хувьд залуучууд фитнессийн талаар хэр зөв ойлголттой байна вэ?

Сүүлийн үеийн тооцоогоор харахад зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 450 орчим фитнесс клуб үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Мэдээж энэ дотроос стандартын хэмжээнд хүрсэн нь 30-40 орчим нь. Харин фитнессээр хичээллэх хүсэлтэй хүмүүсийн хувьд дан залуучууд бус янз бүрийн насны хүмүүс явдаг болчихсон нь ажиглагдаж байна. Тиймээс эдгээр хүмүүс маань фитнесийн талаар янз бүрийн мэдээлэлтэй орж ирдэг. Цахим сүлжээ өндөр хөгжсөн өнөө үед мэдээ, мэдээллийг хаанаас л бол хаанаас авдаг болж. Энэ нэг талаараа давуу талтай ч нөгөө талаараа худлаа, буруу мэдээлэл авч өөр ойлголттой орж ирэх нь цөөнгүй.

Бүр тодруулбал зарим залуусын гаднаас авсан мэдээлэл буюу булчинтай, масстай болох жор нь яг фитнесст ороод ирэхээр зөрчилдөөд эхэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэдний өөрсдийн олж авсан мэдээлэл нь мэргэжлийн тамирчны хэмжээний дасгал сургуулилт, хооллолтын жор байдаг. Хурдан хугацаанд бодит үр дүнд хүрэх гэсэн хүмүүс маш их байдаг. Мөн өөртөө маш өндөр зорилго тавьчихсан залуус их орж ирдэг. Жишээ нь долоо хоногтоо тэдэн кг хаяна гэдэг ч юм уу. Гэвч энэ нь яг фитнессээр хичээллээд ирэхээр маш том хана буюу асуудал болдог. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл ямар ч спорт хүчний таван төрөл буюу хурд, хуч, тэсвэр, уян хатан, авхаалж самбаа гэсэн зүйлүүд дээрээ суурилаад мөн үүн дээр өөрийнхөө ачаалал даах чадвар дээр үндэслэж дасгал сургуулилтаа хийх нь тодорхой хэмжээний үр дүнд хүрнэ. Тиймээс анх фитнессд явж эхлэхдээ л зөв мэдээллээр зөв дасгал сургуулилтаар эхлэх юм бол үүнийгээ дагаад үр дүн нь ч хурдан гарч ирнэ.

Ер нь гаднаас олон янзын мэдээлэл авч дур мэдэн хичээллэснээс илүүтэй багштайгаа зөвлөлдөх нь илүү үр дүн өгөхөөс гадна өөрийгөө зөв ойлголттой болгох нь?

Тийм ээ. Хүн хүний биеийн онцлог өөр учраас нийтэд нь зааж зөвлөнө гэж бол мэдээж байхгүй. Тиймээс фитнесст явж эхэлж байгаа хүн анх орж ирээд яг ямар боломоор, эхний ээлжинд ямар үр дүн хүсээд байгаагаа багштайгаа сайн ярилцаж байж дасгал сургуулилтаа эхлэх хэрэгтэй.

Зарим хүмүүсийн хувьд фитнесст явбал ачаалал их өгснөөс болоод ядарна гэсэн ойлголттой байдаг. Энэ тал дээр?

Дээр хэлсэнчлэн өндөр ачаалал аваад, буруу дасгал сургуулилт хийх юм бол мэдээж ядарна. Харин өөрийнхөө биеийн онцлогт таарсан ачааллаа авах юм бол маш хурдан эд эс сэргэж дараа дараагийн бэлтгэлдээ бэлэн болдог. Илүү их дасгал сургуулилтдаа “дурлаж”, сонирхолтой болдог.

Залуучуудын бас нэг ташаа бодол нь фитнесст явбал заавал уураг хэрэглэх ёстой гэх. Энэ зөв үү?

Энэ тал дээрх хамгийн чухал зүйл бол зөв хооллолт. Хоолноосоо уураг тэжээлээ авах. Харин мэргэжлийн тамирчид бол өндөр ачаалал авч байгаа учраас алдсан энергиэ нөхөхийн тулд нэмэлт тэжээл буюу уураг заавал хэрэглэх хэрэгтэй. Сонирхогчийн хувьд бол ачааллаасаа шалтгаалаад эхний ээлжинд цэвэр нойр, хоол хоёроосоо энергиэ нөхнө. Мөн аливаа уураг, амин дэмийг заавал заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх хэрэгтэй.

Сонирхогчийн фитнессийн хувьд нас заадаг уу?

Манай спортын гол онцлог бол насны ангилал байхгүй шүү дээ. Мөн тэцээн уралдааны хувьд ч тэр open ангилал гэвэл 39-өөс доош насны сонирхогчид оролцож болдог. Уг суурь спорт нь өөрөө насны ангилал байхгүй.

Танай клубээс улсын болоод олон улсын тэмцээнд оролцдог тамирчид бий юү?

Бодибилдингийн улсын аваргад эмэгтэй, эрэгтэйчүүдээ оролцуулдаг. Мөн энэ спортынхоо төрлүүдээр чухал тэмцээн болохын өмнөх хамтарсан бэлтгэл хийдэг байгаа. Өнгөрсөн жилийн Азийн аваргад алтан медаль хүртсэн тамирчин манай клубт бэлтгэл сургуулилтаа хийсэн.

Ярилцаж, зөвлөгөө өгсөнд баярлалаа.

 

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Г.Амартүвшин: “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын

2021-01-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...