Ши Жиньпин: МУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэнэ

2017-10-26 Нийгэм 0

Хамгийн олон буюу 89 сая 447 мянган гишүүнтэй Хятадын Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-25-ны өдрүүдэд Бээжин хот болж өнгөрсөн. Уг хурлын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус намын 19 дэх Төв хорооны хурал дээр 18 дахь Төв хорооны нэрийн өмнөөс илтгэл тавьсныг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр БНХАУ 2050 он гэхэд Хятадын онцлогтой социализм бүтээн байгуулах зорилтыг энэ удаагийн их хурлаас дэвшүүлсэн болохыг хэллээ.

Шин Хаймин уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар “Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр шат дамжина. Ингэхдээ БНХАУ нь 2021 он гэхэд чинээлэг нийгмийг байгуулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Дараагийн шатыг хоёр хэсэгт хуваах бөгөөд 2020-2035, цаашлаад 2035-2050 гэхэд орчин үеийн социалист орныг байгуулсан байх болно. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, улс төр, соёл урлаг, нийгэм, экологи зэрэг бүхий салбарын үйл ажиллагааг өндөр түвшинд ахиулж төгөлдөржүүлсэн байх юм” хэмээв.

Монгол Улстай харилцах харилцааны тухайд Элчин сайд Шин Хай Мин, “Хятад-Монгол Улс нь уул усаараа холбогдсон сайн хөрш юм. Хоёр улсын хилийн шугамын урт 4710 км. Иймээс бид сайн хөрш, сайн түнш, сайн найз байх хэрэгтэй. Хоёр орны харилцаа сайн хөгжиж байгаа бол хоёр улсын энгийн иргэдэд сайн нөлөөтэй. Хэрэв хоёр улсын харилцаанд асуудал үүсвэл хамгийн эхэнд хоёр орны жирийн иргэдийн дунд хүндрэл үүснэ. Хятад-Монголын харилцааг Ши Жиньпин дарга өндөр түвшинд авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал нь Ши Жиньпин даргын ганцаарчилсан төрийн айлчлал байснаараа онцлогтой. Тэр үеийн айлчлалаар хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэсэн. Ингэснээр хоёр улсын харилцаа нь хурдны галт тэргэнд суусантай адилтгахаар үйл явдал болсон юм. Тус айлчлалын үр дүнд маш олон салбарын хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны аль алинд нь бодитой ашиг авчирсан.

 

Ши Жиньпин дарга, “Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал яаж ч хувирсан Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад Улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого байх болно” хэмээн олонтаа онцолсон. Мөн Хятадын талаас Монгол Улстай найрсаг, тайван, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035, цаашлаад 2050 он гэхэд Хятад Улс төгс социализмыг байгуулах болно. Иймээс Монголын талд хэлэхэд хурдны галт тэргэнд амжиж суугаарай хэмээн хэлэхийг хүсч байна. Монгол Улстай хийх хамтын ажиллагаа өгөөжтэй яваа. Гэхдээ энэхүү хамтын ажиллагааны явцад зарим асуудлууд бидэнд тохиолддог. Иймээс гарч буй асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайдуудтай уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаа үргэлжлүүлэх болно” гэлээ.

Элчин сайд Жин Хаймин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Тэрбээр “Хятадын коммунист нам бол эрх баригч нам мөн. Нийт 89 сая гишүүнтэй, 4,4 сая зохион байгуулалтын нэгжтэй. Монгол Улсын хүн ам 3 сая хүрч байна гэж бодоход 30 дахин илүү том бүрэлдэхүүнтэй. Бид 1,3 тэрбум хүн амтай том гүрэн шүү дээ” гэв.

Удирдагч Ши Жиньпиний талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Элчин сайд, өнгөрсөн он жилүүдэд хийж гүйцэтгэж чадаагүй ажлуудыг ажил хэрэг болгож чадсан удирдагчаараа бахархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр “Өнгөрсөн 18 дахь Төв хорооны хурлаас хойш Ши Жиньпин дарга өнгөрсөнд хийж гүйцэтгэж чадаагүй олон ажлыг хийж чадсан. Дотоод, гадаадын асуудал, цэрэг арми, улс намаа засах зэрэг асуудалд бодит ач холбогдолтой, холын ирээдүйд нөлөөлөхүйц их амжилтууд гаргасан юм. Энэ бүхнийг үндэслэн түүнийг өндөр түвшний удирдлага болгон сонгосон болно. Яагаад гэвэл Хятадын бүх ард иргэд Ши Жиньпин даргыг дэмжиж байгаа. Бид Ши Жиньпин даргын удирдлага дор цааш явахдаа маш их сэтгэл ханамжтай байгаа” гэлээ.

Ши Жиньпин дарга “Олон улсын байдал, бүс нутгийн байдал хэрхэн хувирч өөрчлөгдөхөөс үл хамаарч Хятад улс Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэнэ. Мөн Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ нь Хятад улсын урт хугацаанд хэрэгжүүлэх төрийн бодлого болно” гэж хэлсэн. Олон Улсын харилцаа хувирч өөрчлөгдсөн ч Хятад, Монгол хоёр улс нь хоорондын харилцааны чиг бодлогыг баримталж, иж бүрэн стратегийн түншлэлийн зохицлыг илүү бодож, нөгөө талынхаа аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг язгуур эрх ашгийг чухалчлан үзэж, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын дагуу үүсч байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Хятадын талаас Монголтой найрсаг хөрш, тайван хөрш, чинээлэг хөрш гэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 2035-2050 он гэхэд Хятад улс орчин үеийн социализмын бүх талаар төгс төгөлдөр улс болно. Тиймээс Монголын талд “Хурдны галт тэрэг”-нд амжиж суугаарай гэж хэлэхийг хүсч байна.

Шинэ Засгийн газар бүрдэж, ажлаа аваад байна. Манай улсын газрын газартай хэрхэн хамтарч ажиллах бодолтой байгаа талаар асуухад “Хоёр орны эдийн засаг, бусад салбарын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна. Гэхдээ энэ дунд зарим асуудал тохиолддог юм. Монголын шинэ Засгийн газар бүрдсэний дараа би Ерөнхий сайд, Гадаад харилцаа, Зам тээвэр, хот байгуулалтын яам, Сангийн сайд нартай уулзсан. Мөн шинээр томилогдож буй бүх сайдтай уулзах юм. Тэр уулзалтуудаар хоёр орны эдийн засгийн болон шинжлэх ухааны чиглэлийн ажлуудыг урагшлуулахаар зорьж байна. Хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахын тулд бодит төслүүд хэрэгжүүлэх юм. Тэдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд “Нэг бүс нэг зам” стратегийн Монголын талын санаачилсан хөгжлийн замын уялдаа холбоог сайжруулна гэсэн нэгдсэн саналд хүрээд байгаа.

Соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлд бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Түүний үр дүнд хоёр орны ард иргэдийн сэтгэл санаа, хоорондын зайг ойртуулж чадна гэж үзэж байна. Хятад Монголын харилцаа цаашид улам хөгжинө гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Түүгээр дамжуулан хөрш орон буюу том гүрэн, жижиг орон хоорондын харилцааны жишиг болгон хөгжүүлье гэж чармайж ажиллаж байна.

2021 онд Хятад Монголын гадаад худалдааны өртгийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны тавдугаар сард Шанхайд экспорт импортын экспо зохион байгуулах гэж байгаа. Түүнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан Монголын экспортыг нэмэгдүүлнэ гэж итгэж байна.

Солонгосын хойгийн асуудалд БНХАУ ямар байр суурьтай байдаг талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад “Би Монгол Улсад суугаа Элчин сайд учраас Хятад болон Хойд Солонгосын харилцааны асуудлаар юм яримааргүй байна. Миний ярих зүйл биш гэж бодож байна. Гэхдээ товчхон мэдээлэл өгье. Хятад улс болон Умард Солонгос 1300 гаруй км урт хилийн шугамаар холбогдож байгаа. Найрсаг харилцааны сайхан уламжлалтай. Мөн урт удаан хугацааны турш Хятад, Умард Солонгос нь гадаад харилцаагаа хөгжүүлж байна.

Гэхдээ манай улс Умард Солонгосын цөмийн зэвсэг ашиглах асуудлыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Энэ нь хөрш орнууд болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл юм. НҮБ-аас авсан хориг арга хэмжээг бид дэмжинэ. Гэхдээ дайн дажны аргаар асуудлыг шийдвэрлэхийг эсэргүүцэж байгаа. Ирэх таван жилд Хятад улс Умард Солонгостой найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ. Манай Хятадын байр суурь хувирахгүй.

Хөрөнгө оруулалтын талаар “Монголын тал Хятадын язгуур эрх ашгийг заавал хүндэтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хятадын засгийн газраас Монголд хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилладаг. Гэхдээ хууль ёсны дагуу ажиллаж, тухайн газрын хөгжилд хувь нэмрээ оруулахыг шаарддаг. Хятадаас Монголд ирж ажиллаж буй хөрөнгө оруулагчид маань Монголын иргэдийг маш олон ажлын байраар хангасан. Их хэмжээний татварын орлого оруулсан. Энэ нь Монголын эдийн засгийн хөгжил болон амьжиргааг дээшлүүлэхэд маш чухал хүчин зүйл болж чадсан байна. Монголын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулагчдыг маш баяртайгаар хүлээж авч байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах арга авч хэрэгжүүлж багаа. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах комиссыг үүсгэн байгуулсан байна. Түүнийг манай Хятадын талаас маш нааштайгаар хүлээн авч байна.

Хоёр талын хамтын ажиллагаанд маш олон асуудал гарч мэднэ. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг гуйвуулж, зөрчил өдөөх юм уу, энгийн үйл ажиллагаа явуулахад саад болох зэрэг давхар санаатай арга авч хэрэгжүүлэхийг бид зөвшөөрөхгүй. Ийм замаар эдгээр компаниудыг дампууруулвал Монголын Засгийн газрын татварын орлогод шууд нөлөөлнө, мөн тухайн газрын ажлын байрыг ч бууруулна. Энэ нь Монголын талын эрх ашигт шууд нөхөж болшгүй гарз хохирол учруулах юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын компаниудын талаар зөв сурталчилгаа хийгээрэй гэж бодож байна. Ингэснээр хоёр орны ард иргэдийн харилцааг улам сайжруулж чадах юм. Ерөнхийдөө Хятад улс хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа.

Уул уурхайн салбарт хамтран ажиллах бодлогын талаар “Манай Хятад улс уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлнэ гэсэн нэгдмэл саналд хүрсэн байгаа. Түүний дотроос уул уурхайг маш идэвхитэй хөгжүүлэх байр суурьтай байна. Одоо манай Хятад улс үйлдвэрлэлийн хэрэгцээ хангалтын бүтцийн талаар өөрчлөлт оруулж байгаа. Үйлдвэрлэлийн хэт илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Энэ дотор голдуу төмрийн хүдэр, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлийг бууруулах зорилт тавьж ажиллаж байна. Гэхдээ манай Хятад улс Монголоос уул уурхайн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлож байгаа. Энэ импортоор дамжуулан Монголд тусалъя гэсэн зорилго байгаа юм. Манай Хятад дотоодын нүүрс, төмрийн хүдрийн маш олон үйлдвэрээ хаасан байгаа. Энэ нь үйлдвэрлэлийн хэт илүүдлийг бууруулах бодлоготой холбоотой юм”.

Ажиллах хүчний асуудлаар “Монгол Улсын хуулиндаа гадаадын ажиллах хүч бүх хүн амын нэг хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Хятадаас Монголд ажиллаж буй хөдөлмөрийн хүчний тоо 30 мянгаас хэтэрдэггүй. Уур амьсгалын нөхцөл байдалтай холбоотойгоор Монголд хагас жилийн хугацаанд Хятадын ажиллах хүчин ажилладаг. Зуны цагт 24 мянган хүн ажилладаг бол өвлийн улиралд бараг байхгүй гэж хэлж болно. Дээрх тоонд Хятадаас Монголд сурч буй оюутнууд багтана. Мөн аялал жуулчлалын шугамаар ирж буй хүмүүсийн тоо багтдаг юм”.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...