У.Хүрэлсүхийн Засгийн газар эхний дүнгээ 300 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлаар тавиулах нь

2017-10-26 Нийгэм 0

Манай улсыг халамжийн бодлогодоо идэгдсэн гэдэг. Сонгууль болгоноор мөнгө амлаж, түүнийгээ биелүүлэхийн тулд ашигтай, ашиггүй наймаа хэлцэж, цаашлаад улс орныг дааж давашгүй өрөнд оруулж байгаа нь өнөөгийн үнэн төрх. Хэдэн жилийн өмнө халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгж­лийн мөнгөний үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд гурав хувааж өгөхөөр болсон. Гэтэл тараах мөнгө нь байхгүй элдэв арга сэдэж, энд тэндээс гуйлга гуйж, эцэст нь Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын урьдчилгаа авч байж заримыг нь олгосон. Ингэж яаран мөнгө тараах болсон нь мэдээж сонгууль­тай холбоотой. Сонгуу­лийн өмнө иргэдэд амласан мөн­гөө тараачихвал ард тү­мэн тэднийг амлалтаа бие­лүүл­дэг эрх баригчид гэж үзээд дахин сонгоно гэж найд­сан хэрэг. Түүнчлэн иргэдийн саналыг авах гэж улайрсан эрх баригчид Монголбанкнаас ихээхэн хэмжээний мөнгө авсан тө­дийгүй Хөгжлийн банкийг онилсон. Гэвч Хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Батжаргал үүнийг тас эсэргүүцэж, хууль бус үйлдэлд оролцохгүй гэ­сэн ч эрх баригчдад дарамт­луулан ажлаа өгөхөд хүрсэн түүх саяхан мэт.

Түүгээр ч барахгүй зарим албан тушаалтнууд бэлэн мөнгө тараах ажлаа хууль ёсны болгохын тулд хоёр дахь ээлжийн 330 мян­гыг сонгуулиас өмнөхөн тараах шийдвэр гаргасан. Ингэхдээ Сангийн сайд Д.Хаян­хярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар эрх мэдлээ ашиглан өөрс­дийн нэр дэвшсэн тойр­гуудад сая төгрөгийг нь бүрэн олгосон. Өөрөөр хэл­бэл Монгол Улсын сан хөм­рөгийн түлхүүрийг атгаж суу­гаа тэд өөрсдийн эрх ашгийг бодон сонгуульд өрсөлдөж байгаа тойргийнхоо иргэдэд л сая төгрөгийг нь бүрэн өгсөн гээд сонгуулийн амлалт нь халамж болж, халамж нь хавтгайрч хахууль болсон түүх цөөнгүй.

Ийнхүү бид жил дарааллан тараасан бэлэн мөнгөнийхөө өрнөөс цухуйж ч амжаагүй байхад дахиад л бэлэн мөнгө тараах талаар эрх баригчид яриад эхэллээ. Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгох гэнэ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад ард түмэн ихээхэн хүлээлттэйгээр хүлээж авсан. Бүхнийг шийднэ, бүгдийг янзлана, болохгүй бол холино, солино, засна хэмээн гарч ирсэн тэд ард түмнээр эхний дүнгээ 300 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлаар тавиулах нь. Харамсалтай нь ард түмэн тэдэнд олигтой дүн тавихгүй л болов уу.

Өнгөрсөн 8 сарын сүүлээс эхлээд багш нар цалингаа нэмэгдүүлэхийг хүчтэй шаардаж эхэлсэн билээ. Сануулах ажил хаялт хүртэл зохион байгуулж, хэдэн удаагийн жагсаал цуглаан зохион байгуулж, Засгийн газар хэрэв нааштай хариу өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана хэмээн айлгаад байгаа. Мэдээж тэд нарын араас эмч, эмнэлгийн байгууллагынхан орсон. Тэд ч мөн цалингаа нэмэгдүүлэхийг хүсч, ажил хаялт зарлана гэцгээсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар солигдох үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн бололцоо бий хэмээн мэдэгдээд авсан нь гал дээр тос нэмж, тэмцлийг улам дэвэргэсэн хэрэг болсон.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар цалингийн асуудлыг шийдэхийн оронд гал унтраах арга хэмжээ авч, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор ярьж байна. Уг нь багш, эмч нар нэг удаагийн хэдхэн төгрөг авахын төлөө тэмцэл хийгээгүй. Сар болгон авдаг цалингаа нэмэгдүүлэх гэсэн. Харин эрх баригчид энэ мэт зальтай арга хэмжээ аваад өнгөрөх нь хэнд ашигтай вэ. “Цалин нэмнэ” гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэж үзэх үү.

Өнөөгийн нөхцөлд нэг удаагийн 300 мянган төгрөг мөнгө биш болсон цаг. Харин нэлээд хэдэн сарын 300 мянган төгрөгийн нэмэгдэл албан хаагчдын амьдралд дэм болно. Эрх баригчдын тооцоолж байгаагаар 190 гаруй мянган төрийн албан хаагчдад нийт 55 тэрбум төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгоно гэж байна. Үнэндээ ч энэ мөнгөөр бид их бүтээн байгуулалт хийж чадна. Тэр хэрээр ажилгүйдэл буурна. Нөгөө талаар алагчилж олгогдоод байгаа хүүхдийн мөнгийг ч багахан хэмжээгээр шийдчихнэ.

Ер нь халамж, тэтгэлэг аливаа иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургачихдаг. Манай улсад ажилгүйдэл нэмэгдэж байгаа ч ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо буурсаар байгаа нь үүний тод жишээ. Сонгуулиар тараасан мөнгийг нь авна. Сонгогдсоныхоо дараа амлалтаа биелүүлж байна гэж халамжаа хавтгайруулах нь ийм байдалд хүргэж байгааг албаныхан сануулдаг ч эрх баригчид дараагийн сонгуулиа л боддог нь нууц биш.

Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаа улам дордох эрсдлийг У.Хүрэлсүхийн танхимынхан эхний алхамаараа бий болгочихлоо. Уг нь ард түмэн энэ Засгийн газраас арай өөр зүйл хүлээж байсан нь тодорхой. Он гараад их хэмжээний өрийг Монгол улс төлнө. Тиймээс хэмнэлтийн бодлогоо барьдагаараа барьж, тулгарсан асуудлаа ухаалгаар шийдвэрлэхийг хүлээж суусан. Харамсалтай нь У.Хүрэлсүхийнхэн өмнөх Засгийн газруудын алдааг дахин давтчихлаа.

Эх сурвалж: 24tsag.mn

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...